06/07/2026
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голын урд хөвөөнөө Хархул хааны балгас хэмээх эртний хотын туурь бий. Энэхүү хот нь XIII зууны Монголын Эзэнт гүрний үед холбогдох бөгөөд нийслэл Хархорум хотоос дутахааргүй гоёмсог барилга байгууламж, олон өргөн чөлөө бүхий асар том хот байсан гэдэг нь судалгаагаар тогтоогдсон билээ.😯
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид 2023 онд Хархул хааны балгасын тууриас Буддын шашны сүмийн цогцолборыг илрүүлж, 2025 онд уг цогцолборын доторх хоёр сүмд малтлага хийж, бүтэц зохион байгуулалт, барилгын материалыг нарийвчлан судалжээ.🔍
Малтлагаар Бурхан багш болон Аюуш бурхны дүрийг товойлгон урласан ногоон паалантай гоёмсог дээврийн ваар олдсон нь нэн ховор олдворт тооцогдох бөгөөд сүмийн тууриас дээж авч он цаг тогтоох лабораторийн шинжилгээгээр 95.4% магадлалаар 1224-1275 онд холбогдохыг тогтоосон аж.👏
Малтлагын явцад арслан, луу, махранз зэрэг төрөл бүрийн дүрслэлтэй барилгын гоёмсог чимэглэлүүд илрүүлснээс гадна араб бичигтэй алтан зоос илэрчээ. Алтан зоос нь хоёр талдаа “Аллахаас өөр бурхан үгүй. Мухаммед бол Аллахын элч” гэх Коран судрын эшлэл бичигдсэн бөгөөд судалгааны явцад уг зоосыг Мөнх хааны үед (1250-иад он) Бухар хотод дэлдсэн Их Монгол улсын үеийн алтан зоос болохыг тодорхойлсон байна.🤯
Энэхүү гайхалтай судалгааны явцад илэрсэн олон төрлийн барилгын материал, чимэглэл, эд өлгийн зүйлс нь XIII зууны үеийн технологийн дэвшил, хот байгуулалт, шашин соёлын талаарх үнэтэй мэдээллийг судлаачдад өгч байгаа юм.🔥
Коммент хэсгийг үзнэ үү.
Эх сурвалж: Монголын археологийн мэдээ 2025-2026 сэтгүүл “Өв соёлын голомт төсөл: Хархул хааны балгасын салбар дундын судалгаа ба нэн ховор олдворууд” тойм.